Мөнххайрханы нуруу нь Монгол-Алтайн гол нурууны хэсэгт, баруун хойноосоо зүүн урагшаа 80 км орчим урт үргэлжлэх ба ноён оргил нь баруун хойд хэсэгтээ 4204 м үнэмлэхүй өндөрт өргөгдсөн Таван Хумст оргил юм.
Мөнххайрханы нуруу нь Бугат 4041 м, Мөнх цаст Сайрьт өндөр уул 3586 м , Бөөрөг нуурын даваа 3421 м, Хүрэн Хөтлийн орой 3452 м , Таван хумст 4040 м зэрэг хэд хэдэн сүрлэг оргилуудтай.
Эртний мөстлөгийн ул мөр хүчтэй илэрсэн байх ба 2-3 удаа мөстлөгт автаж байсан. Уулс нь шовх, нэн шовх оройтой, хэм тэгшгүй эрс, нэн эрс хажуутай, хотгор гүдгэрийг өөрчлөгч гадаад болон дотоод хүчний нөлөөллийн улмаас уулын чулуулаг нурах нуранга үүсэх үзэгдэл байнга ажиглагддаг.
Орчин үеийн мөстлөгийн 4-н том төвд нийт 77.24 кв.км талбай бүхий мөнх цас , мөсөн голтой юм. Үүнээс Мөнххайрхан ууланд дөрвөн цэгт 48.62 кв.км , Зүрх ууланд таван цэгт 7.78 кв.км, Бугат ууланд гурван цэгт 18.83 кв.км, Таван хумст ууланд 2.01 кв.км талбай бүхий мөнх цас мөсөн гол бий. Цасны хилийн дундаж өндөр нь 3784 м. Байгалийн бүс , бүслүүрийн хувьд өндөр уулын бүслүүр болон уулын хээрийн бүсийн төлөөлөлтэй.
Засаг захиргааны нэгжийн харъяллаар Баян- Өлгийн аймгийн Булган сум, Ховд аймгийн Мөнххайрхан, Үенч, Мөст сумдын нутагт харьялагдана.
No comments:
Post a Comment